Үндсэн агуулга руу шилжих
Г.Мэнд-Ооёо Чингис хаан одонт · МУСГЗ МОНENG
← Нүүр

ГОЛЫН ЧУЛУУ

Эх сурвалж 1976

Голын чулуу харан Бодлоо тунгааж суунам Туугдсан бодол адил Гол урснам Тунгаагдсан үг адил Чулуу үлднэм. Гүндээ байгаа чулуугаа зүлгэсээр Гүйдэл саалгүй ус урссаар Өдөр сарын эргэлтэнд чулуу Өөгөө засан мөлийж элсээр Тэнгэрийн өнгө цэнхэртэн ууссаар Газрын өнгө хүрэнтэн шингэсээр Энэ голын чулуу тэнгэр газраасаа Эгэл даруухан зүсээ авнам Ус чулуу хоёр хоршин Уянгалаг нэгэн дуу дуулнам Уран хэлт хийлийн Утас нь голын чулуу гэнэм. Зуун жил хөглөсөн чулуун чавхдасаар Дуун цэцэгс миний сэтгэлд ирнэм Энэ голын чулуу үгүй бол Эгшиг дуугаар дандаа би дутнам Угаасаа ёроол сахисан голын чулууд Усны мандалнаа уран бидэр тавинам Түмэн хээний зургийг голоосоо олж Түүнээ ард түмэн минь гоёлдоо сийлнэм Яруу сайхан бадгаа голоосоо олж Яруу найрагчид шүлгээ урланам Энэ голын чулууны уран туурвилаар Эргэх хорвоо өнгөө улам чимнэм. Гүндээ байгаа чулуугаа зүлгэсээр Гүйдэл саалгүй ус урссаар Жил жилийн эргэлтэнд чулуу Жижгэрэн жижгэрэн ууссаар Ус хэдий зөөлөн ч чулуугаа илбэсээр Өндгөн чулуу нэгэн элэгдэж дуусахад Улирах цагийн уртад эвлэж Өөр нэгэн чулуу ургаж байнам. Ус чулуугаа хүлхдэгийг Голын захаас мэднэм Чулууг хүн уудгийг Бодлын дундаас ухаарнам Энэ бие минь голын чулуутайгаа цуг Элэгдэж дуусна, эргэж бүрэлдэнэ гэж итгэнэм.

1976