Үндсэн агуулга руу шилжих
Г.Мэнд-Ооёо Чингис хаан одонт · МУСГЗ МОНENG
← Нүүр

ЭЭЖ МИНЬ ШИРДЭГ ШИРЖ БАЙНА

Сонсох

Налайсан шар нарыг цагаан эсгий дээр өнхрүүлж Чилийсэн урт өдрүүдийг утасны учгаар хэлхэж Намар оройн тэнгэр доор нум шиг бөгцийж суугаад Наян насандаа ээж минь ширдгээ ширсээр байна Тоонын дунгалаар нар шагайхуйд нэг алхам ширээс... Тогоотой цай дэврэхийн өмнө хоёр алхам ширээс ... Дөрөлжөөр морьтой хүн гарч ирэхүйд гурван алхам ширээс ... Дөрөөн таваг гадаа жингэнэхүйд дөрвөн алхам ширээс ... Тэнгэр эсгүүртэй эсгий дээгүүр ертөнцийн учиг Тэртээд үлдсэн он жилүүдийг тэмээн жин шиг хөтөлжээ Гэрэл нь бөхсөн нүдээрээ чадахгүйн харанхуйг гэрэлтүүлж Гэтэлж үзээгүй замаар ээж минь хорвоог дөтөлжээ Үд дундын наранд саахалтын бүсгүйчүүд цуглачихаад Үүл болсон ноосыг дундаа дэлгэж зулчихаад Саваа модны үзүүр тэнгэрт нэг, газарт нэг Салхин тээрмийн сэнс шиг ирэлзэн жирэлзэж билээ Одоо бодох нь ээ хосгүй нэгэн бүжиг байжээ Онгон цэнхэр тэнгэр тайз нь болоод цэлийжээ Цэцгэн дээр эрвээхий суухуй нэг алхам ширээс ... Цэнгийн бороо дээвэр тогшихуй хоёр алхам ширээс ... Уртын дууны нугалаа замхрахуй гурван алхам ширээс ... Урьдын явдал санагдаад мартагдахуй дөрвөн алхам ширээс ... Зул улаан нар зулай дээр аргамжаатай Зулж дэлгэсэн ноос дун цагаан өнгөтэй Сэргэлэн сэрмүүн дэнж дээр эсгий хийсэн намар Сэтгэлийн цагаан дэлгэцэнд дүрс бичлэг үлджээ Хувинд сөгнөсөн айргийг сэнгэнүүлэн байж цацлаад Худгийн хүйтэн усыг бороошуулан байж шүршээд Эрчүүдийн булчин зангирч, элдүүр модонд хуйлаад Ээрэм талдаа дэлхий шиг бөмбөрүүлсэн билээ Хувь нэгтэй хотлоороо цагаан эсгийгээ дэлгэж Хуур хүнгэнүүлэн сар хөөртөл дуулалдсан билээ Ажил үйлс нь хүртэл баяр наадам байдаг Амьдрах нэгэн өдөр нь ч утга төгөлдөр байдаг Хөдөөх малчин удмаа үгүйлж нэгэнтээ гансарвай Хөхөмдөг суунагт талаа салхилтал санаа алдвай Өрхний оосор дээвэр гуядахуй нэг алхам ширээс ... Өвсний толгойд салхи исгэрэхүй хоёр алхам ширээс ... Буцах шувуу гуниглан ганганахуй гурван алхам ширээс ... Будан татаж тэнгэр хуйсганахуй дөрвөн алхам ширээс ... Битүү цасыг ханзлан хаврын ногоо цухуйх шиг Бичгийн цаас мөрлөн эрдэнийн үсэг зурайх шиг Тэвнийн нартай үзүүрт тэнгэр газрыг уулзуулж Тэр хоёрыг хэлхэн ээж минь ширдэг ширж байна Алхам бүхэнд нь нар байна, сар байна, од байна Адуу шаагьж, ус шуугьж, ая дуу уусаж байна Одох буцах хорвоогийн тоост нэгэн харгуйд Онгож балрах хүмүүний мөрийг туурвиж байна Зөөлөн цас тоононд бужигнахуй нэг алхам ширээс ... Зөрөг дагаад үхэр сажлахуйд хоёр алхам ширээс ... Зуухны бөөрнөөс халуу нөөлөглөхүйд гурван алхам ширээс ... Зулын гэрэл хойморт сүүмэлзэхүйд дөрвөн алхам ширээс ... Дунайсан хөх тэнгэрийг цагаан эсгий дээр амрааж Сунайсан дөрвөн цагаар угалз хээ мэтгэж Намар оройн тэнгэр доор нум шиг бөгцийсөн ээж минь Наян насны хорвоог ширээс бүхэндээ бичиглэвэй.