Үндсэн агуулга руу шилжих
Г.Мэнд-Ооёо Чингис хаан одонт · МУСГЗ МОНENG
← Нүүр

ХӨХ НУУРЫН ХӨВӨӨГӨӨР ЯВГАН МАНАН ГЭЛДЭРЧ

Сонсох
Эх сурвалж 1993

Хөх нуурын хөвөөгөөр явган манан гэлдэрч Хөлгүй гүн шөнийн зузаан хучлагыг сөхвэй Арван зургааны саран бултайх зай бэдчивч Аяа, түүний нүүр үүлэн гивлүүртэй авай Намираа борооны нарийн ширхэг нүүр ирвэгнүүлж Навчсын алгыг төгөлдөр хуурын даралт шиг товшино Сэртийх модод ... бөртийх тэнгэр ... манан будан ... Сүрчих бороо ... налсан өвч ... норсон дээл... Найман зууны тэртээд яг л энэ жимээр Налархай өвсөн дундуур хэн нь хэнтэй явсан бол? Хоёр биеэсээ ичихгүй ч, монгол жудгаасаа ичихийг Хожмын нэгэн цагт хэн нь бидэнд заасан юм бол? Өвгөдийн ёс билгийн дээвэр дор Өөрийн намбатай явсаар өлийн даваанд гаръюу Усан борооны дүнчүүр тарни шиг дуслаар Учигт сүвлэх ганцхан бадаг мэтгэюү Гараа өгсөн болохоос биеэ чи өгөөгүй ээ Гагцхүү найрагч гоо сайханд шунамуу Өвс болоод цэцэгстэй үлгэр хүүрнэхүй болохоос Үүлэн болоод бороог үл хүсмүү Хөх нуурын хөвөөгөөр явган манан гэлдэрч Хөлгөн түүхийн нойрмог хучлагыг сөхвэй Хэдэн давхар хөшиг шиг гүн шөнийн аглагт Хэн ч уул нь бидний хэрэгт дурлаж мөшгихгүй ээ Моддын чөлөөнд ёлтойх майхны сониуч гэрэл Намайг болоод чамайг навчсын сиймхийд шагалзахад Чанадын мэлмий доорх дэргэдийн хөх нуур л Чамайг болоод намайг усан манангаар хаацайлмуу.

1993