Үндсэн агуулга руу шилжих
Г.Мэнд-Ооёо Чингис хаан одонт · МУСГЗ МОНENG
← Нүүр

ХЭСЭГ ЦАГААН МАНАН – VII (ЦАГААН МАНАН, ГЭГЭЭН ГУНИГ)

Сонсох
Эх сурвалж 1997

Хуудуутай холын бүдэг бадагхан сураг мэт Хуучин цагийн явдал бүүр түүрхэн санагдах мэт Цадиг түүхийн улбаа үл мэдэг үзэгдэх мэт Цав цагаан манан талын уулыг бодлогошрон ороовой Цагаан манан дунд буй биеэрээ живж Цагийн төрх гэгээн тодорхойгоос ангижирч Хэвлээр явагч амьтан шиг хэсэг цагаан манантай Хэзээ нэг л арилах гэгээн гунигаа хуваалцъюу Дөтийн өндөр даваанаас ирсэн замаа харахад Дөчөөд жилийн намтар юухан эс бодогдох вэ? Арын халзан зам, энхэл донхлоор дүүрэн Амар тайван цаашаа аж төрөхийн учир хаана вэ? Арван тавтай хөдөөгийн бор хүү би вээр Аргуун униартай хотын тоост мананд олзлогдож Хорь хүрээгүй насны хонгор цагаан шөнөөр Холын мичид, сартай тохиоход эр хүн болбай Дөрвөн улиралтай талаа дөрвөн өрөөгөөр сольж Дөрвөн уулыг түшиж, дөрвөн үр заяавай Зургаан амыг тэжээх гэж зутарч зүдэрч явсаар Зуугийн талыг сураглаж, зууны босгыг саравчилбай Сэтгэл дотор манан татаж, сэмжин үүл нүүнэ Сэм сэмхэн санаа алдаж хөнгөн гуниг төрнө Толгод сүлжсэн цагаан санан цааш мөлхсөөр Тойрмын хөвөө сахисан тогоруудын хөлийг ороовой Хүмүүний гунигийг тэнгэр ойлгож аргалах хорвоод Хүслээ чөдөрлөж, гунигаа бусдаас нууж явлаа Юм бүхэнтэй зохицож амьдрах гэсээр өөрийгөө золиосолж Юм бүхэн хоорондоо зохистой болоод зохисгүйг ойлголоо Уулсын хяр дээрээс зэрэглээт нутгаа харж өссөн би Униарт хотын тагтан дээрээс үүл манан ширтэнэ Өвсний үнэртэй хэцийн салхийг тасалгаанд мөрөөдөж Өдий олон жил манант нутгаа зүүдэллээ Хөсөг нүүдлийн аянд хөтөлж оруулаад одсон Хөөрхий хоёр буурал минь нойрсож буй энгэрт Тэнүүл цагаан манан үес үесхэн хөшиглөнө Тэнгэр болсон тэднийгээ юугаар гийгүүлсэн билээ? Ирж яваа цагийн цагаан манан дунд Идэр залуу насаараа буяны зул өргөвэй Өлмий доорх дэлхийдээ тавилан ерөөлөөр буугаад Мэлмий нээгч бурханыг монголын буянаар бүтээвэй Өвгөдөө шүтдэг Монгол минь, өндөр хөх тэнгэртэй Өндөр тэнгэрийнхээ доор өөрийн бүтээсэн бурхантай! Дөрвөн зүгтэй дэлхийн дөрвөн цаг зогсоход Дөрвөлжин хайрцагтай бие дөрвөн талдаа эзэнтэй! Дахиад л тэнгэр будангуйрч цагаан манан цайрна Дахиад л сүмийн ганжирт мөнөөх манан орооцолдоно Сайн сайхан бүхнээрээ дэнчин тавьж бүтээсэн сэн... Сааршгүй мянган галавт энх л байгаасай! Цалгиж явах насныхаа гэгээн тунгалаг жилүүдийн Цаг мөч бүхнийг өөрөөсөө харамлаж явлаа Бурханаас илгээсэн тоотой насныхаа төөрөг дотор Буцаж яваагаа ирж буй гэж эндүүрчээ! Хоног сарын гунигаа цөөхөн дуундаа үлдээлээ Хожмын үрс минь дуулбаас цагаан манан татах буй Аяа, тэр манан бол миний манан юм шүү! Аясын салхи аргадахад л арилах гэгээхэн гуниг юм шүү!

1997