САРНЫ СОНАТ
Сарны тусгал алтан гүүр мэт гол усыг нумлаж Салхины үзүүрт голын харгиа үл мэдэг исгэрч Хэрлэн их мөрөн түүхийн хөлгөн төвөргөөнөөр Хэдэн зууныг гэтэлж бид хоёрын дэргэд ирвэй Чамайг болоод намайг гол ус толиндоо үзэж Чанадын хувь тавиланг алган дээрээ зурах мэт Ажиглан ширтэж, анзааран сатаарахыг мэдрэх ахуйд Аяа би, гол усаа үнэний гэрч хэмээн итгэмүй Домогт Хэрлэнгийн уснаас тэнгэрийн бүсгүй утгах мэт Долоон бурхан од гуулин шанага шиг махийжээ Ус болоод тэнгэр хоёр юутай ойрхон юм бэ! Учрал болоод хагацал хоёр ямархан зайтай буй! Чийг дааж шөнийн агаар намайг жиндүүлэх авч Чиний мөр ойртохын төдийд дулаацъюу Харих насны заагт хайрлахын чөлөөг олгоё гэх Хатан их мөрөндөө дуу л зохиож ачилъюу Халхын их мөрний одтой, сартай мандалд Хайрын дуу минь хөвж, живж урсмуйяа Дотносог нэгэн сэтгэлээ дотроо хадгалж үлдэх үү Дорнын саран доорх чиний хилийг алхах уу? Сэмжин цагаан үүлс үес үесхэн нүүдэллэж Сэрүүн цагаан саран тодрон бүдэгрэн үзэгдэнэ Сэтгэл дотор чиний царай басхүү гэрэлтэн бүрэлзэхэд Сэм сэмхэн зүрхнийхээ гүнгэрваанд чамайг зуръюу Цагаан чулууг сарны туяа нэвт гэрэлтүүлэх мэт Цаг хугацааны чанадаас чи өөрөө гэрэлтэж ирсэн юм аа Үд дундах учрал, зүүд хоёр адилхаан гэвч Үлэмжийн энэ шөнийг дурсах болгондоо гэрэлтэж явъяа ...
1996