Үндсэн агуулга руу шилжих
Г.Мэнд-Ооёо Чингис хаан одонт · МУСГЗ МОНENG
← Нүүр

ЧИНИЙ ХӨМСӨГ, НИСЧ ЯВАА ТОГОРУУНЫ ДЭВЭЛТ ШИГ

Сонсох
Эх сурвалж 1995

Чиний хөмсөг, нисч яваа шувууны далавч шиг... Чиний, тэртээ холоос ирж яваа нь Хүрхрэх далайн чанадаас нааш нисээд Хүрэх газраа ирээгүй яваа шувуу шиг ... Боргоцойн дотроосоо зуун найман үрэл гардаг Бодиз модны хувилгаан чадал хурах мэт Урд насны ерөөлийн учрал тавилан байснаар Урт замын үзүүр дээр учрах ёстой мэт Наашаа ч юм уу, товор товор алхах чинь Найраг баян хуурын товчлуурыг товших хэмтэй Галбарваасан модны уянгат найлзуурын салхиар Гадаад далайн чанадаас анхилуун үнэртэй Дөч эргэм насны дөрөөн сурыг жийж Дөт замыг гэсэнгүй давааны оройд гарахдаа Шуугиант хорвоогоос залхаж нам гүмийг шүтсээр Шуургант насны хүслээ шуудхан унтрааж явжээ Ажин түжингүй он цагийн шувууд нисч оджээ Амин зүрхний тэр галаар шүлэг л нэржээ Чиний хөмсөг, нисч яваа тогорууны дэвэлт шиг... Чиний өөдөөс Янжинлхамыг илгээж угтуулъюу... Бундан ногоон навчны хорвоон зам шиг судал дээр Булзаж гарахгүй учралын уулзвар зурхай оршиж Амар жимэр ертөнц дөчин жилийн аглагт Айсуй тогоруун жигүүр дор хүмүүний явдал үзэгдвэй Зуун найман эрихэнд шидэт тарнийг шившиж Зуун бээрийн буйдад эрх чөлөөг бясалгаж Ирж яваа тогорууны дэвэлт шиг чиний хөмсгийг Сууж байгаа эгшигт эхийн магнайд гэрэлтүүлж үзьюү

1995